Монголчуудын уламжлалт сууц болох гэр нь дэлхий дахинд хөнгөн авсаархан, байгаль орчинд ээлтэй, дөрвөн улиралд тохиромжтой сууцны шилдэг жишээ болон үнэлэгддэг. Түүхэн сурвалж, хадны сүг зураг, археологийн олдворууд нь монгол гэрийн үүсэл бүр 10 мянган жилийн өмнөөс эхтэйг гэрчилдэг. Өвөрхангай аймгийн Бугат сум, Баян-Өлгий аймгийн Цагаан салааны хадны зургууд дээр яндан бүхий гэр, дөрөө зэрэг гэрийн амьдралтай холбоотой дүрслэлүүд бий бөгөөд энэ нь эртний монголчууд аль хэдийн гэр сууцыг хэрэглэж байсны тод нотолгоо юм. XIII зууны үеийн олон төрөлт гэрүүд Түүхийн явцад монголчууд гэрийг зориулалтаар нь төрөлжүүлэн ашиглаж иржээ. Тухайлбал: Тэрэгт гэр – Нүүдэл хийхэд тохиромжтой, хүзүүвчин тоонотой, тэргэн дээр байрлуулдаг байв. Орд гэр (шилтгээн) – Хаад, ноёд хуралдай зохион байгуулдаг, олон зуун хүн багтаах чадалтай том гэр. Дайны гэр (гэрлүгэ) – Байлдаанд зориулсан, нүүдэлтэй цэргийн гэр. Өвсөн гэр, хошлиг гэр – Хөнгөн хийцтэй, хээр талд түр хугацаанд байрлахад зориулагдсан сууцнууд байв. Орчин үеийн гэрийн хөгжлийн суурь 16-р зуунаас эхлэн өнөөгийн Монгол гэрийн хэлбэр төлөвшсөн бөгөөд гэрийн хэмжээ нь тухайн айл өрхийн хөрөнгө, зэрэг дэвээс хамаарч ялгарч байв. Жирийн айлуудын гэр 4–5 ханатай, ноёд, баячуудын гэр 6–8 ханатай, харин тамгын газруудынх 10–12 ханатай байжээ. Чинээлэг айл өрхийн гэрт улаан, хөх өнгийн халз, хөлт өрх зэрэг гоёл чимэглэл, шарын шашны нөлөөгөөр бий болсон итгэл бишрэлийн хээ угалз орж ирсэн бол ядуу айл өрхийн гэрийг цээж гэр, товь гэр, хатгуур гэр хэмээн ялган нэрлэдэг байв. Гэр — Уламжлал, ухаан, ур уран бүтээлийн нэгдэл Монгол гэр нь: Хэдхэн тэмээ, сарлагт ачаалаад нүүлгэж болдог 2–3 хүн хэдхэн цагийн дотор барьж болдог 250–270 кг жинтэй хөнгөн сууц Тооно, унь, хана зэрэг модон яс мод, эсгий бүрээсээр бүрдсэн Агаарын солилцоог байнга хийж байдаг амьсгалдаг сууц Мөн гэрийн дугуй хэлбэр нь энергийн гүйцэтгэл, сэтгэл санааны тайвшралд эерэг нөлөөтэй гэж үздэг. Орд Гэр ХХК нь Монгол гэрийн уламжлалт өв соёлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хадгалан тээх эрхэм зорилготой ажиллаж байна. Бидний үйлдвэрлэж буй гэрүүд нь бат бөх хийцтэй, экологийн цэвэр материалаар хийгдсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн юм. Монгол гэр бол зүгээр нэг сууц биш — энэ бол үндэстний сэтгэлгээ, ухаан, гоо зүй, амьдралын философи билээ..